top of page
Search
Writer's pictureThe Pollex

Аймшигт явдлууд 14 | БИТГИЙ УНШ


Эх, нялхсын хонгилд хэн уйлдаг байв аа? Наяад оны сүүл үеийн АУДС-ийн дөрвөөс дээш курсын оюутнууд үүнийг маш сайн мэднэ. Бас гэрчилнэ. Ялангуяа Хүүхдийн эмчийн ангийнхан айгаад жижүүрт гарч чаддаггүй байсан билээ. Эх, нялхсын эрүүл мэндийн төв/ Одоогийн Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв/ байгуулагдахаас өмнө тэнд Гандангийн хүүхдийн эмнэлэг гэх хоёр давхар цагаан байшин байсан юм. Дээрх төвийн барилга ашиглалтад орсноор тэрхүү байшинг төвтэй том, урт хонгилоор холбож орхисон билээ. Түүгээр хоёр эмнэлгийнхэн холбогдон хоорондоо үргэлж явалцдаг байв. Ялангуяа талийгчдыг “морг”- т/шарил хадгалах газар/ тавихын тулд хоёр эмнэлгийн асрагч, сувилагч нар тэрүүгээр нас барагсдын цогцсыг тэргээр түрээд явдаг байлаа. Одоо чухам яадгийг мэдэхгүй. Гэхдээ тэр хонгил бий байх. Бид дөрөвдүгээр курсын оюутан болсон намар подгруппээрээ/хэсэг/ тэнд дадлага хийж эхэлсэн юм. Яг манай ангийнхан дадлагад гарахын өмнөхөн Эх, нялхсын хонгил чөтгөртэй болжээ гэх яриа гарсан билээ. Тэр үед нэлээд ховорт тооцогддог, тэр бүр таараад байдаггүй цусны цагаан цогцсын хорт хавдраар 16 настай нэгэн охин өвдөөд хэвтэж байсныг дадлага хийх эсэхээс үл шалтгаалан хүүхдийн эмч болох бүх оюутанд зориуд үзүүлдэг байсныг санаж байна. Аргагүй шүү дээ, ховор эмгэг юм чинь. Одоо элбэг болохоор барахгүй бүхэл бүтэн тасаг тийм өвчтэй хүүхдээр дүүрчээ. Бүр нялх, нярай хүүхэд ч өвчилдөг болжээ. Тэр үед нөгөө охин нас барсан тухай оюутнууд яриад л өнгөрсөн юм. Их өрөвдмөөр охин байлаа. Маш эцэнхий. Тураалын дээд шатанд орчихсон. Ясан дээр тохсон арьс гэж юу байдаг вэ гэвэл тэр л байсан байх. Бүхий л сүвээрээ цус алддаг сонин өвчин байж билээ. Охин өдрөөс өдөрт муудаж, өөрийгөө ямар ч найдваргүй болсныг мэдэх бөгөөд нүдэнд нь үзэгдсэн цагаан халаттай хүнээс “Эмч ээ, туслаач. Амь авраач” гээд тамирдаж сульдсан дуугаар гуйн, эцэст нь нэг л их зовиуртай гиншин уйлдагсан. Бараг бидний өр зүрхэнд үлдсэн гэхэд хилсдэхгүй. Тиймээс одоо ч нүдэнд үзэгдэн дурсагдаж байгаа хэрэг. Тэр охиныг үзээд гарч ирсэн бүх оюутан эр, эмгүй л дуугаа хураачихсан цонхигор царайтнууд харагддагсан. Бидний сэтгэл зүйд тэгтэл нөлөөлсөн байгаа юм. Ялангуяа түүний зовиуртай гиншин уйлах нь зүрх зүсэм бөгөөд чихэнд хоногшсоныг хэлээд яах вэ. Нэг тиймэрхүү зүйл болоод өнгөрсний дараа нөгөө яриа гарсан хэрэг. Хамгийн анх мэдсэн хүмүүс одоо бүгд эмч болчихсон яваа. Тэдний ярьснаар “Хонгилоор явалтгүй болсон байна лээ. Бид хоёр хүүхдийн шарил түрээд сувилагчтай хамт шөнийн 01- 00 цагийн үед явж байтал яг хонгил тахиралддаг газрын тэнд гэнэт хэн нэгэн уйлах шиг сонсогдов. Бид цочоод орчин тойрноо харсан чинь хэн ч байгаагүй. Сувилагч болохоор “Гандангийн эмнэлгийн өвчтэй хүүхдийн дуу цуурайтаж байна. Түүнээс энд хэн байх билээ” гэв. Гэтэл Баяраа маань, “Батаа, нөгөө охин” гэдэг байна шүү. Би бүр цочоод хамаг бие зарсхийгээд үс босчихсон. Баяраагийн дүр ч сонин болчихсон харагдлаа. Бид хоёр тэр охиныг хамт үзэж байсан болохоор юу эс андах билээ. Нөгөө сувилагч юугаа мэдэх вэ. Тэгээд шарилаа моргт хийчихээд замаараа буцлаа. Яг нөгөө хонгилын тахиралддаг газар очуут эмэгтэй хүүхдийн ядрангуй, гиншсэн, үргэлжилсэн ёололт юм уу уйлалт сонсогдов. Хамгийн хачин нь Баяраа бид хоёр зэрэг сонссон байв. Бас л бие зарсхийгээд явчихсан” гэж курсын оюутан Бат маань ярьсан юм. Тун удалгүй дараагийн анги дадлага хийж Саруул, Бадамаа гэдэг хоёр охин тэнд явж байгаад сонссон, хананд нь тусах хар сүүдэр харснаас болж ухаан нь самуурсан амьтад тасагтаа очоод бөөн хэрэг мандуулсан билээ. Хүүхдийн ангийн деканаас яаралтай хурал зарлав. Багш нар маань биднийг хэмх сэнхрүүллээ. “Та нар шинжлэх ухааны салбарын хүмүүс. Тэгээд ч болох, болохгүй зүйлд итгэн цуу тараасан чинь тун таагүй юм. Сэтгэл судлалын багш чинь одоо тайлбарлана” гэв. Буурал толгойт багш маань “хий үзэх, сонсох” гээд сэтгэцийн эмгэг буй. Хэт цочирсон эрүүл хүнд ч тохиолддог юм. Хэргийн эзэн, хэнгэргийн дохиур нь дээрх Баяраа, Бат хоёр. Болчимгүй юм ярьснаас нь болоод оюутнууд түүгээр явахдаа “Энд нөгөө юм тохиолдоно” гэж бодсоноос тэгж байгаа хэрэг. Түүнээс амьдрал дээр тийм юм байхгүйг шинжлэх ухаан аль хэдийнэ баталчихсан. Тэгээд ч Эх, нялхсын эмч, сувилагчдад ямар нэг юм мэдэгдэхгүй байна гэдэг чинь нэгийг ойлгуулаад байгаа биз дээ?” гэж ирээд л ярив. Манайхны хурал нэг иймэрхүү сэнхрүүлгийн шинжтэй болов. Дараагийн дадлагажигчид нь бид байлаа. Бидний ээлжинд азаар хүүхэд эндсэнгүй. Тиймээс шарил зөөх хэрэг гараагүй гэсэн үг. Харин деканатын газраас өгсөн үүргийн дагуу “Тийм юм байдаггүй нь үнэн юм байна. Бидэнтэй юу ч тохиолдсонгүй” гээд л залж явлаа. Үнэндээ бид шалгаж зүрхлээгүй билээ. Хэн ч тийм юманд дурлах билээ дээ. Дараагийн ангид дахиад л дуулиан тохиолоо. Нөгөө ангийн хоёр охин ангийнхаа бандийн хамт шарил зөөж яваад учирчээ. Бүгд ухаан самуурсан байлаа. Нөгөө сүүдэр яг өнөө охин болчихсон, үс гэзэг нь сэгсийгээд сууж харагджээ. Бас сулхан гиншиж уйлаад л байсан гэх. Хоёр охин нь халуурч, бүлээрээд хэд хоног хичээлдээ яваагүй. Түүнээс болоод бас бөөн асуудал дэгдээд дарагдсан даа. Тэгтэл бас болоогүй байж. Эх,нялхсынхан хуралдаж байгаа дуулдав. Тэгтэл эмнэлгийн ажилтнуудад хэд хэд тохиожээ. Ингээд эмнэлгийн намын үүр хуралдаж бугтай тэмцэлдсэн юм байх. Манай курсын дөрөвдүгээр ангийн хичээлийн шинэ жил нэг ингэсхийгээд өнгөрсөн билээ. Өнөө асуудлыг “өнчин гөлөгний хэрэг” болгож нэг тийш шийдсэн гэдэг. Яахаа мэдэхээ байсан эмнэлгийн удирдлага зохион байгуулалттайгаар нэг гөлөг олж шөнө сэмхэн тэнд орхисон байгаа юм. Ганцаараа орхигдсон нялх амьтан гиншинэ биз дээ. Тэгээд түүгээр явж таарсан сувилагч болон оюутнууд түүнтэй учирч айгаагүйгээрээ айхын хамт гөлөг байсныг илчилсэн байгаа юм. Их ядарсан арга байгаа биз? Тэр асуудал бараг хагас жилийн өмнөөс яригдсан шүү дээ. Тэгтэл нэг удаагийн тохиолдлоор ийнхүү дараад өнгөрөөсөн юм даа. Харин нарийндаа чухам ямар арга хэмжээ авсныг нь мэдэхгүй. Тэр үед бугтай тэмцэнэ үү гэхээс судлахгүй шүү дээ. Хайр найргүй нухчин дардаг мөртлөө цаагуураа лам хуврагаар аргалуулдаг явдал ч мэр сэр байсныг тэр үеийн хүмүүс ярьдаг л юм. Холбогдсон нөхдөд нэг их хатуурхаагүй, тэгсхийгээд дүр эсгээд өнгөрсөн нь сонин санагддаг юм. Жинхэнэ худлаа зүйл байсан бол бараг сургуулиас хөөх хүртэл арга хэмжээ авсан ч болох л цаг шүү дээ. Тэгэхээр ямар нэг байдлаар үнэний хувь байсан юм уу даа гэж бодогдоод байдаг юм. Дан ганц манай сургуулийн оюутнууд бус тэндэхийн ажилтнуудад тохиосон нь ч нэгийг хэлээд байгаа юм. Түүнээс биш юу боллоо гэж хий хоосон юмны төлөө бүхэл бүтэн эмнэлгийн Намын үүр хуралдаж байхав. Хий үзэгдэл, буг чөтгөртэй холбоотой юмыг тэр үеийн МАХН ёстой гаргана гэж гонж л доо. Хөдөөгийн оюутнууд биднийг бодох юм бол элдэв юм үзэж, сонссон нь элбэг учраас дээр нь давс нэмээд илгээчихсэн тал ч бий л байх. Гэхдээ оргүй хоосноос ямар нэг юм босгож ярихгүй л дээ. Биднийг тавдугаар курст орсон намраас өнөө буг чөтгөр нь гэнэт оргүй арилж билээ. Ёстой өргөс авсан юм шиг өвчин намдана гэгчээр таг чимээгүй болсон доо. Сүүлдээ бид ч тоохоо байж, хоёр гурвуулаа түүгээр зөндөө явсан ч ямар нэг зүйлтэй учраагүй билээ. Одоо бол ч жинхэнэ шуугиж, эрдэмтэн мэргэд нь элдэв таамаг дэвшүүлээд л зурагтаар ярьж, сонинд ярилцлага өгч байхгүй юү. Одоо бодож ээ байхад Эх,нялхсын хонгилд хэн уйлдаг байсан юм бол оо?


Хэрэв таалагдсан бол энэ мэт өгүүллэгүүдийг цаг алдалгүй уншихийг хүсвэл доорх 2 хуудас дээр LIKE FOLLOW дарахаа мартваа.



185 views0 comments

Recent Posts

See All

Comments


bottom of page