top of page
Search
Writer's pictureThe Pollex

Аймшигт явдлууд 7 | БИТГИЙ УНШ

Updated: Jun 29, 2020


Бага байхдаа хүүхэд бүр тагтаа, болжмор хөөж гүйдэг байсан байх. Би ч бас. Харин нэг өдөр ээж маань намайг жигүүртэн амьтнаар битгий тоглоод бай. Нэг эгч маань машинтай явж байхад нь шувуу ( хөдөө хээр явж байсан, том шувуу) ирж цонхыг нь хагалхад, хагарсан шилний нь хэлтэрхий нүд рүү нь орж, өрөөсөн нүд нь харахаа байсан юм. Чамайг будаа сарвайж байхад л тагтаа сарвуугаараа нүдийг чинь урчихна шүү дээ гэж хэлж байсан юм. Үүнээс хойш шувуунаас бага зэрэг айдаг болсон. Ингээд ээжийн ярьсан шувуутай холбоотой 3 явдлыг сонирхуулъя.

1. Манай хашааны завсраар нэг хүн гараа оруулчхаад, юм хулгайлах гээд байгаа харагдахаар нь би тэр ахыг жаахан чанга дугараад хөөчихсөн юм. Тэгсэн явж өгдөггүй, далд орохоор л нэг юм авах гээд байгаа бололтой. Би бүр байдаг хараалаа хэлээд хөөж чадахгүй байж байтал ээж нөгөө хүн рүү нэг харснаа намайг ор гээд гэр лүү чирээд оров. Тэгээд ээж хэлж байна "Энэ уг нь ингэж явахаар хүн биш, төрөөд удаагүй байсан нялх биетэй эхнэр хүүхдээ хөдөө гэр лүүгээ авч явахаар болоод, зил 130 машиныхаа цонхыг хагас нээгээд, өлгийтэй хүүхдээ орхиод, өөрөө эхнэртэйгээ хамт дэлгүүр орж л дээ. Гараад ирсэн хүүхэд нь байдаггүй. Хэд хоногийн дараа оковноос, нүдийг нь шувуу ухаад хаячихсан хүүхэд олдсон гэнэ лээ. Тэгээд энэ нөхөр уруудахад ууж идэх гэж, хамаг малаа зараад дуусгасан. Магадгүй сэтгэцийн өөрчлөлттэй болсон ч байх магадлалтай, шөнө ирээд хамаг цонх хагалчихвы" гэв. Энэ үед хэдхэн хормын өмнөх үйлдэлдээ үнэхээр их гэмшсэн.

2. Ээж маань махны ченж байсан юм. Олон ч малчид, уяачидтай танил, байнга л очиж мал авчирдаг байсан. Нэг өдөр утас нь дугарч, дуудлагыг авсан даруйдаа л халаглаад эхэлсэн юм. Ээж нь хөдөө ажил явдалд явах боллоо гээд л гараад явсан. Нэг хоноод ирсэн ч бид 2т тухтай ярих зав олдсонгүй хэд хоногийн дараа л юу болсныг асуухад "Нэг хөөрхөн залуу байдаг юм. Малаа хямдхан өгчихдөг, эхнэр нь ч уриалгахан эелдэг хөөрхөн охин. Саяхан аймагт ирээд ахындаа хүүхдээ орхиод, өөрсдөө ажлаа хөөцөлдөхөөр гараад явжээ. Үдийн өмнө зээлээ төлөх гэх мэт ажлаа амжуулчхаад, үдийн хойно зах орж хүнсээ цуглуулах гээд явж байхад нь ахынх нь эгч залгажээ. Утасны цаанаас багтрал, сандрал, түгшүүр дүүрэн, эмнэлэг дээр ир гэх үг нь ойлгогдохуйц сонсогдож. Аймгийн төвд ямар юмны түгжрээ байхав дор нь давхиад очтол, ганц хүүг нь галуу тоншоод алчихсан байж. Хүү хашаандаа ганцаараа тоглож байтал, галууных нь саравч яагаад ч юм онгойж эл хэрэг болжээ" Би эхэндээ гайхсан л даа, галуу яахараа хүүхдийн зулайг цоо тоншино гэж бодтол үнэхээр тийм тохиолдлууд байдаг юм байна лээ. Манай энд амьдарч байсан хятдууд хулгайчаас хаширлаад галуугаа сул тавьж өнждөг байсан гэнэ лээ. Хожим үздэг хардаг хүнд үзүүлэхэд эх үнэг үр зулзага руугаа шогшиж явхад нь хүүгийн аав уг залуу, эх үнэгийг буудаж унагаад, хүүдээ малгай хийж өмсүүлсэн нь энэ хэргийн тайлал ажээ.

3. Үүнийг бичихээс их жийрхэж байна. Өмнөх хоёр нь танихгүй хүмүүст тохиолдсон зүйл. Харин энэ нь одоо хүртэл хөрш зэргэлдээ амьдарч байгаа хүмүүсийн маань түүх юм. Ээж маань одоо амьдарч байгаа газраа худалдаж авчхаад, хэд хоногоос хашаагаа хатгах гээд л байж. Том эгчийг маань тээж байсан, тулгар гэдэстэй ээж маань нохойд элдүүлж явтал, харанхуйгаас нэг майтганасан юм таягаа шидэж. Нохой нь зугтаж, ээж өнөө майтганаж доголсон юм 2 л бүрэнхий гудамжинд үлджээ. Ээж өнөө зүг рүү харвал, өөдөөс нь ойртоод ч байгаа юм шиг, доголсон хар юм харагдахаар нь ихэд айн зогстол, өнөөх нь " Зүгээр үү? Ахын дүү таяг аваад өгөөч" гэх нь сонсогджээ. Ингээд л танилцаж айл хөрш болж амьдарсаар эгч маань 10 нас хүрчээ. Хөрш айлын ах Б нь доголон хөлтэй, таяг тулдаг нэгэн байж. Харин эхнэр Н нь сувилагч мэргэжилтэй, ааш зан муутай нэгэн байж. Зуны нэг өглөө хөрш хоёр маань маргалдаж гэнэ. Маргасан ч гэж, эхнэр нь л их орилж чарладаг нэгэн байжээ. Сүүлдээ бүр өвгөнийхөө таягийг аваад, пингэн дээрээ тавьчихаж. Хөөрхий муу өвгөн нь гомдсон гэж, зөрж өнгөрсөн бүхнээс л таягийг нь авч өгөхийг гуйгаад байж. Манай ээж эхнэрээс нь айгаад, дэмий л Б ахыг өрөвдөж суужээ. Б ах үл таних хүнээр таягаа авуулаад, майтганаж оджээ. Тэр шөнөө ирсэнгүй. Хоёр хонолоо. Долоо хонолоо байдаггүй. Аймаг байтугай зэргэлдээ аймгаар хүртэл хайж эхлэв. Олдлоо. Аргал түүж явсан хүүхдүүд олжээ. Хойд зүг рүү майтганан мацсаар, уурхайн шорооны бэлд сууж, нэг лонх хоослоод тасарч. Эргэж сэрэхээс нь урьтаж, өлөн шувууд аминд нь хүрч. Залуу халуун насных нь дурсгал Н хайртынхаа нэрийг гар дээрээ шивүүлсэн хэсгийнх нь арьс л үлдэж, бусдыг нь тас сийчиж орхисон байжээ.


Хэрэв таалагдсан бол энэ мэт өгүүллэгүүдийг цаг алдалгүй уншихийг хүсвэл доорх 2 хуудас дээр LIKE FOLLOW дарахаа мартваа.



21 views0 comments

Recent Posts

See All

Comments


bottom of page